Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон иргэн осолдсон дуудлагаар аврах бүлэг өнөөдөр 6.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өглөөний 9 цаг 36 минутад 50 настай иргэн Ц, 10.00 цагт 5 сартай А, 16 цаг 30 минутад 62 настай иргэн Т-ийн цогцсыг олж уснаас гаргасан байна. Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай бүлэг хээрийн штаб байгуулан ажиллаж байна.
Мөн Цагдаагийн газрын 7 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 2 алба хаагч 2 автомашин, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нийт 7 автомашин, 2 завь, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нутгийн иргэд болон аврагчид 2 завиар осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.