Н.Баярсайханд оноосон 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар, МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд хахууль авсан гэм буруутайд тооцон оноогоод байсан 2.8 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн бол Э.Аззаяад холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна. Ингэхдээ, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Ингээд, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2.8 жил хорих, Э.Аззаяад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулаад байсан юм.
Харин Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Элдэв-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Мөн С.Бүрэнтөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох, Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 9 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 13-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Аззаяад холбогдох заалт, хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нарын гэр, албан өрөөнөөс 230 гаруй сая төгрөгийг илрүүлж байгаа мөрдөн шалгах ажиллагааны дүрс бичлэгийг АТГ-аас 2019 оны долоодугаар сард нийтэд дэлгэсэн. Тэд нийт 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж.