"Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэн, төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамж бүхий хямд өртөгтэй, чанартай амины, түрээсийн болон нийтийн сууцаар хангах, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлж ажиллах юм.
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран орон сууцны барилга, хотхон, хороолол барих замаар уг ажлыг шийдвэрлэх аж. Мөн иргэдэд хашаандаа амины орон сууц барих, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлнэ. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барилгажуулах юм.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтцийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх, зах зээлд борлуулах дээд үнийг тогтоох, дуусаагүй барилгыг ашиглалтад оруулах зардлыг шийдвэрлэх, иргэдэд орон сууцны зээл, урьдчилгаа төлбөрийг арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлуудыг зохион байгуулах ажээ.