Архангайд сүүлийн 24 цагт коронавирусний 10 шинэ тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын нийт 344 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 10 тохиолдол бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган суманд 6, Эрдэнэмандал суманд 4 тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд нийт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 95 болоод байна.
Эрдэнэмандал суманд бүртгэгдсэн 4 тохиолдлын хувьд Улаанбаатар хотоос буяны ажлаар ирсэн хүмүүс бөгөөд, УОК-ын шийдвэрээр нэг гэр бүлээс нэг иргэн шинжилгээ хийлгэж болно гэсний дагуу нөхөр нь PCR шинжилгээний сөрөг хариутай зорчин ирсэн. Гэвч эхнэрээс нь коронавирусний халдвар илэрч, ойрын болон дам хавьтлуудыг тогтоон шинжилгээнд хамруулаад байна.
Эрдэнэбулган сумын 6 тохиолдлын хувьд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас илэрлээ.
Ойрын хавьтлын 1072 хүнээс тусгаарлах байранд 22, гэрийн тусгаарлалтад 1050 иргэн байгаа бол 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад бүртгэлтэй байна.
- Ихтамир, Эрдэнэмандал суманд халдвар батлагдсан тул тодорхой хугацаагаар хатуу хөл хорио тогтоож, энэ хугацаанд Эрүүл мэндийн төв, ундны ус түгээх худгаас бусад бүх төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
- Чулуут сумын Халуун ус багийн нэг иргэнээс эерэг тохиолдол бүртгэгдэж, сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөвөрлөн ирсэн бөгөөд хөл хорио тогтоон, шуурхай арга хэмжээний баг ажиллаж байна.
- Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын судалгаа үргэлжилж, сорьц цуглуулах явуулын лаборатори ажиллаж, ойрын болон дам хавьтлын судалгаагаар иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна.
- БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вероселл вакцины 4040 тун 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23 цаг 30 минутад Улаанбаатар хотоос цагдаагийн хяналт дор ирсэн. Вакциныг агуулахад хүлээн авч, хадгалах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар хяналт тавьж ажиллалаа.
- Эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Өнөөдрөөс эхлэн сумдад вакцин хуваарилан хүргүүлж, аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна.