Махараштра мужид хязгаарлалтуудыг чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Махараштра мужид “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбогдуулан даваа гаргаас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж, шөнийн цагаар хөл хорьж, амралтын өдрүүдэд хөл хорио тогтоохоор болжээ.
Энэтхэгт ням
гарагт халдварын 93249 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн есдүгээр сарын дунд
үеэс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэдгээр тохиолдлын
тэн хагасаас илүү хувь нь Махараштра мужийн нийслэл Мумбай хотод илэрсэн байна.
Ерөнхий сайд
Нарендра Моди Махараштрад халдварын тохиолдлын тоо яагаад ийм олноор нэмэгдэх
болсныг тогтоохыг мэргэжилтнүүдийн багаас хүсжээ. Энэтхэгт өнөөдрийн байдлаар
12.5 сая хүн коронавирусээр халдварлаж, 165 мянган хүн нас баржээ.
Махараштрад олноор
цуглахыг хориглох зэрэг хязгаарлалтуудыг хэдийнээ тогтоогоод байсан бол
өнөөдрөөс эхлэн оройн 20 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорино. Мөн амралтын өдрүүдээр буюу баасан гаргийн 20 цагаас даваа гаргийн өглөөний 7 хүртэл хөл хорио
тогтоож, зөвхөн нэн шаардлагатай аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаа явуулахыг
зөвшөөрнө.
Нийтийн тээврийн
үйлчилгээ хэвийн үргэлжлэх боловч кинотеатр, тоглоомын газруудыг хааж, дэлгүүр,
шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг
зөвшөөрнө. Засгийн газрын харьяа агентлагуудын хувьд ажилтнуудынхаа 50 хувийг оффист
ажиллуулах, боломжтой тохиолдолд гэрээсээ ажиллах шаардлага
тавихыг үүрэг болгожээ. Эдгээр хязгаарлалтыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл мөрдөх юм.
Энэтхэгт энэ оны эхээр өдөрт халдварын 15 мянгаас цөөн тохиолдол шинээр илэрч байсан боловч гуравдугаар сараас дахин олноор нэмэгдэх болжээ. Дэлхийн улс орнуудаас вакцинжуулалтын хамгийн том аяныг эхлүүлээд буй тус улсад өнөөдрийн байдлаар 68 сая гаруй тун вакциныг тарьжээ.
Энэтхэг ирэх долоодугаар сар гэхэд 250 сая хүнийг вакцинжуулах зорилт тавиад буй боловч халдварын тархалтыг хязгаарлахын тулд вакцинжуулалтыг түргэвчлэх хэрэгтэй гэж мэргэжилнүүд үзэж байна.