Эрдэмтэд Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байраа авч үлдэхийг хүсч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газар энэ оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газар шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн эрдэм шинжилгээний ажилтнууд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулжээ.
Түр хорооны зүгээс дээрх шийдвэр нь олон хууль тогтоомж зөрчсөнөөс гадна төрийн байгууллагуудад ялгавартай хандсан, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийг сулруулах ээлжит алхмын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд Прокурорын газрын байрны асуудлыг шийдвэрлэхдээ нэг байгууллагын өмчийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж булаан авсан, үндэслэл тооцоо муутай, бүдүүлэг муйхар алхам болсон хэмээн эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандсан байна. Сэтгүүлчид цугларч хэвлэлийн бага хурал эхлэх гэж байтал Засгийн газраас холбоо барьж хурлаа зогсоохыг хүссэн ба хэлэлцээр хийх санал тавьсаны улмаас хэвлэлийн бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга Т.Баясгалан, “Бид ямар нэг улс төрийн зорилго агуулаагүй. Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Монголын Геологийн судалгааны 100 орчим жилийн хөгжил шууд зогсох аюул тулгараад байгаа болохоор энэ тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж байна. Бидний шаардлагыг Засгийн газар ажлын 5 хоногт багтаан шийдэж өгөхгүй бол түр хорооны зүгээс тэмцлийн шат дараатай арга хэмжээ авна” гэв.
З.Эрэвгийлхам