“Pfizer/BioNTech”-ийн вакцин Өмнөд Африкт анх илэрсэн хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-02 16:00:20

ВАШИНГТОН. /AFP/. АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлж буйг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ.


“Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын хүрээнд Өмнөд Африкт вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн дунд шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй” гэж Pfizer/BioNTech” мэдэгдсэн байна.


Дэлхий даяар коронавирусний илүү хурдан халдварладаг, хэд хэдэн хувилбар тархаад байгаатай холбоотойгоор одоогоор гарган аваад буй вакцинууд байнга хувьсан өөрчлөгдөж буй вирусээс хүн төрөлхтнийг хамгаалах эсэхэд олон нийт санаа зовниж байгаа юм.


B.1.351” хувилбар голчлон тархаж буй Өмнөд Африкт 800 хүнийг туршилтад хамруулахад есөн хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэд бүгд плацебо буюу идэвхгүй нэгдэл тариулсан байсан” гэж Pfizer/BioNTech”-ийн мэдэгдэлд дурджээ.


Мөн вакцин хоёр дахь тунг нь хийлгэснээс хойш Өмнөд Африкт тархсан хувилбараас зургаан сар хүртэлх хугацаагаар хамгаалж байсан тул вакцины ерөнхий үр дүнд итгэх итгэл улам нэмэгдэж байна гэж “Pfizer”-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.


Pfizer/BioNTech”-ийн вакцин нь дэлхийн хэд хэдэн оронд явуулсан, 46307 хүнийг оролцуулсан туршилтаар 91.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Туршилтын үеэр халдвар авсан 927 тохиолдлын 850 нь плацебо хийлгэсэн хүмүүс байсан бол 77 нь вакцин тариулсан хүмүүс байжээ.


“Вакцин коронавирусний өмнөх болон шинэ хувилбаруудад хэрхэн үйлчилж буйг судлахад “тун бага өөрчлөлт” ажиглагдсан тул вакцины үр дүн нэг их буурах төлөвгүй байна гэж “Pfizer/BioNTech” энэ оны нэгдүгээр сард мэдэгдээд байсан юм.


Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 2.8 саяд хүрээд буй энэ үед хэвийн байдалдаа эргэн ойртож очих цор ганц боломжийг вакцин хийлгэх хэмээн үзэж байна.  

相关新闻