Уугуул бус төрөл зүйл дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-01 15:04:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. Байгаль орчинд халтай уугуул бус төрөл зүйлийн амьтан, ургамал сүүлийн 50 жилийн хугацаанд олширсон нь дэлхийн эдийн засагт 1.5 их наяд орчим ам.долларын хохирол учруулсныг экологичид олж тогтоожээ.


Судалгааны дүнг эрдэмтэд шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн байна.


“Сүүлийн арван жилд уугуул бус төрөл зүйлийн дэлхийн эдийн засагт учруулсан үр дагавар гурав дахин нэмэгджээ. Зөвхөн 2017 оны мэдээллийг судалж үзэхэд энэ үзүүлэлт нь Африкийн 50 улсын ДНБ-ний хэмжээг давах бол ДЭМБ, НҮБ-ын нийт төсвөөс 20 дахин илүү гарч байна” гэж Парисын их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Кристоф Диане хэлжээ.


Хүний үйл ажиллагааны улмаас тодорхой газар нутагт тархсан төрөл зүйлийг уугуул бус төрөл зүйлүүд гэж нэрлэдэг аж. Энэхүү төрөл зүйл нь хэдэн арван жилийн өмнөөс дэлхий дахинд тулгамдсан гол асуудлуудын нэг байсаар иржээ.


Тухайлбал, бразилын галт шоргоолж АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирснээр хэд хэдэн төрөл зүйлийн эмгэн хумс устан үгүй болж, зарим төрөл зүйлийн сээр нуруугүй амьтад, хөхтөн амьтдын тоо эрс буурчээ. Харин, Европ, Америк, Азид нэвтэрсэн Африкийн “Batrachochytrium dendrobatidis” зүйлийн мөөгөнцөр сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр нутагтан амьтдын 90 төрөл зүйлийг устгасан байна.


Диане болон түүний багийнхан уугуул бус төрөл зүйлийн ургамал, амьтан хэр хурдацтай тархаж байгааг болон эдгээртэй хэрхэн тэмцэх талаар бүх талын судалгааг хийжээ. Үүнээс гадна энэ төрөл зүйл нь хөгжил, дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

 

Ингэхийн тулд судлаачид экологичидын 1970-2017 оны хооронд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан мэдээллийг судлав. Экологичид мэдээллээ уугуул бус төрөл зүйлүүд нь ургамал, амьтны аймагт төдийгүй бүс нутгийн оршин суугчдын сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж буйд ажиглалт хийх явцдаа цуглуулжээ.


Уугуул бус төрөл зүйлийн ургамал, амьтны нүүдэл дэлхийн эдийн засагт нийт 1.28 их наяд ам.долларын алдагдал учруулжээ. Тухайлбал, 2017 онд энэхүү экологийн асуудал нь 160 сая ам.долларын хохирол учруулсан бол сүүлийн 50 жилд дунджаар 28 сая ам.долларын алдагдал учруулсан байна.


Хохирлын хэмжээний дийлэнх хэсгийг арван төрлийн уугуул бус амьтдын нөлөөгөөр бий болсон хохирол бүрдүүлжээ. Тухайлбал, хумхаа өвчин, Зика вирусийг тараадаг “Aedes aegypti” төрөлд багтдаг шумуулнууд, энгийн хулгана, муур, Тайванийн морин шоргоолж, Бразилын галт шоргоолжнууд энэ бүлэгт багтсан байна. 

相关新闻