Ховд аймаг “улбар шар” түвшинд шилжсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-01 14:10:47

Ховд/МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 10:30 цагт хуралдав.

Хурлаар коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх цаг үеийн ажил, өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, батлагдсан тохиолдлуудын биеийн байдал, эмчилгээний үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. 

Ховд аймагт одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо дахин 13-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 29 боллоо.

Халдвар авсан иргэд 7-60 настай бөгөөд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тус тасгийн их эмч, сувилагч, үйлчлэгч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг халдварын голомтод ажиллаж, халдвар авсан иргэдийг эмчилж буй.

Коронавирусний халдвар тархсан байж болзошгүй цэг буюу цэргийн анги, Прогресс сургууль, ягаан 80 айлын орон сууц, буяны ажилд оролцсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч нөхцөл байдал хүнд байна. Халдвар авсан зарим иргэд нэр бүхий зоогийн газар, үйлчилгээний төвөөр орж, үйлчлүүлсэн нь тогтоогдсон. Тэдний ойрын хавьтлын иргэдээс халдвар илэрсэн нь анхаарал татаж байна. Иймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх нь чухал гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Цаашид халдвар авсан иргэдтэй ойр харьцсан хүмүүсийг тогтоох, тандан судлах, шинжилгээ хийх ажил үргэлжилнэ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори нь нэг удаад 94 сорьцод PCR шинжилгээ хийдэг бөгөөд нүнд 6-7 цаг зарцуулдаг ажээ. 

 

相关新闻