579 иргэнээс ажлын байрыг дэмжих зээлийн хүсэлт хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-31 13:22:31

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Монгол банкны салбараас цаг үеийн ажлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их нядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл”-ийг гуравдугаар сараас эхлэн банкуудаар дамжуулан олгож буй.  

Ингэхдээ бизнес эрхлэгч иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгож эхэлсэн. 

Тус хугацаанд Ховд аймгийн арилжааны банкуудад нийт 579 иргэнээс 63.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ.

Үүний 69.9 хувь буюу 405 иргэний 38.7 тэрбум төгрөг нь иргэний зээл”-ийн хүсэлт байна. Харин 30.1 хувь буюу 174 иргэний 24.6 тэрбум төгрөг нь аж ахуйн нэгжийн зээл”-ийн хүсэлт юм.

Ийнхүү иргэдийн хүсэлтийг хүлээн авч, өгсөн дарааллын дагуу банкууд судалгаа хийж, үе шаттай олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 124 зээлдэгчид 6.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Цаашид зээлийг үргэлжлүүлэн олгоно. Энэхүү ажил нь коронавирусний халдварын тархалтын үед эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах, дунд, урт хугацааны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж Ховд аймаг дахь Монгол банкны салбараас мэдээллээ.

Ховд аймагт арилжааны таван банкны 40 гаруй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

 

相关新闻