Сүга, Байден нарын уулзалтыг дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар товлож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-30 16:50:11

ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ-ын засаг захиргаа Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Ерөнхийлөгч Жо Байден нарын Вашингтон хотноо хийх уулзалтыг дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар товлож байна гэж Японы Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.


Ж.Байден энэ оны нэгдүгээр сард тангараг өргөснөөсөө хойш гадаадын орны удирдагчтай биечлэн хийх анхны уулзалт энэ болох юм. Талууд БНХАУ дахь хүний эрхийн асуудлууд, тус улсын далайн тэнгис дэх үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай тэмцэх арга замууд болон БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах хүчин чармайлтын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


С.Ёшихидэ Токио хотоос дөрөвдүгээр сарын 8-нд Вашингтоныг зорьж, 11-нд эргэн ирэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлжээ. Ерөнхий сайдын хувьд энэхүү айлчлалдаа бэлтгэн “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг тариулсан бөгөөд хоёр дахь тунг ирэх долоо хоногт хийлгэх юм.


Ж.Байдены засаг захиргаа Шинжаан дахь лалын шашинт уйгурууд болон Хонконг, Тайваньтай холбоотой БНХАУ-ын бодлогуудыг шүүмжилж, “чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг” цогцлоохын төлөө холбоотнуудаа нэгтгэхийг эрмэлзэж буй үед энэхүү уулзалт болно.


Засгийн газрын өөр эх сурвалжуудын мэдээлснээр, Сүга, Байден нар Токио, Бээжингийн маргааны эх үүсвэр болсон Сенкакү арлуудыг хамгаалах талаарх Япон, АНУ-ын аюулгүй байдлын гэрээний 5-р зүйлд заасан үүрэг амлалтыг дахин нотлох төлөвтэй байна.


Мөн талууд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин хоёр баллистик пуужин харвасан БНАСАУ-ыг зэмлэн буруушааж, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг хамтран мэдэгдэлдээ уриалах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.  

相关新闻