“Малчдын аж байдал ба жендэр” туршилтын судалгаа авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймагт “Малчдын аж байдал ба жендэр”
туршилтын судалгааг авах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Судалгаанд аймгийн
50 өрхийг сонгон хамруулна гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхбат ярилаа.
Үндэсний
статистикийн хороо НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрийн
статистикийг сайжруулах” төслийн хүрээнд энэ туршилтын судалгааг зохион байгуулж
байна. Энэхүү судалгаа нь НҮБ-ын байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго
2016-2030”-ын “Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг
чадавхжуулах” зорилтын шалгуур үзүүлэлтийг тооцох боломжийг судлах зорилгоор
хийж байна. Цаашид энэхүү судалгааны үр дүнд суурилж, олон улсын түвшинд
харьцуулагдахуйц жишиг асуулгыг боловсруулах аж. Мал маллах болон гэрийн ажилд
малчин өрхийн гишүүдийн зарцуулж байгаа дундаж цагийг тодорхойлж гаргах, гэр бүлийн
хүрээнд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгаа талаарх тоо
мэдээллийг гаргах суурь судалгааны эхлэл болох бөгөөд цаашлаад бодлого
боловсруулах, судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай тоо мэдээллээр хангах ач
холбогдолтой гэж судалгаа зохион байгуулж байгаа мэргэжилтнүүд үзэж байна.