ОХУ БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтад орж, өрнөдийн орнууд олон тооны хориг арга хэмжээ авч буй энэ үед ОХУ стратегийн түнш БНХАУ-тай ойртон дотносох чиг шугамыг баримтлах болжээ.
Хоёр улсын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 20 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт Хятад улсад хоёр хоногийн айлчлал хийсэн юм.
Өрнөдийн орнууд Орос, Хятадыг хориг арга хэмжээгээр заналхийлэх үеэр С.Лавров АНУ, Европт хандан хэд хэдэн удаа мессеж илгээжээ. Тухайлбал, тэрбээр өрнөдийн орнууд бусад улсын хөгжилд саад учруулахын тулд шахалт үзүүлж байна гэж мэдэгдээд, эдийн засгаа бэхжүүлэх замаар шахалтыг хамтдаа сөрөн зогсохыг БНХАУ-д уриалжээ.
Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа эдийн засаг, эрчим хүч зэрэг салбарт хөгжиж байна. Хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоо БНХАУ үүсгэн байгуулагдсан цагаас эхтэй. БНХАУ 1949 онд ЗХУ-аас тусламж авч, эдийн засаг нь зөвлөлтийн жишгээр хөгжжээ. Энэ үеэс Орос улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж эхэлжээ.
Хэсэг хугацааны дараа үүссэн санал зөрөлдөөний улмаас хоёр улс харилцаагаа таслахад хүрсэн бөгөөд ЗСБНХУ задрах хүртэл сэргээж чадаагүй байна. Ерөнхийлөгч Владимир Путин засгийн эрхэнд гарсны дараа хоёр улс дахин харилцаагаа хөгжүүлж эхэлсэн бөгөөд стратегийн түншүүд болжээ.
Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ жилд дунджаар 100 тэрбум ам.доллар давж байна. Хятадын хувьд ОХУ нь 10 дахь том худалдааны түнш нь бол ОХУ-ын хувьд Хятад улс хамгийн том худалдааны түнш нь юм.
Эрчим хүч хоёр улсын харилцаанд мөн чухал байр суурь эзэлдэг. Газрын тос, байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг ОХУ нь Хятадыг ашигтай эрчим хүчний зах зээл гэж хардаг.
Орос, Хятадын эсрэг авч буй АНУ, ЕХ-ны хориг арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрч боломгүй гэдгийг С.Лавров БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийх үеэрээ онцолжээ. Түүнчлэн энэ асуудалд хамтран ажиллахыг Хятадад уриалсан байна.
Энэ талаар Хятадын эрх баригчид ижил байр суурьтай байгааг С.Лавров цохон тэмдэглэв.
Түүнчлэн АНУ Төв Азийн бүс нутгийг сонирхож байгаа нь хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. ОХУ 2014 онд БНХАУ-д Су-35 сөнөөгч онгоцноос 24-г худалдсан бол 2015 онд С-400 цогцолборыг нийлүүлжээ.
ОХУ-ын орчин үеийн зэвсгийг эзэмшиж, Москватай туршлага солилцсоноор Хятад цэргийн хүчин чадлаа илүү хөгжүүлсэн бол ОХУ эдийн засгийн төдийгүй стратегийн хувьд хүчирхэгжсэн.
Сүүлийн саруудад өрнөдийн орнууд Оросын эсрэг чиглэсэн хоригоо өргөжүүлж байна. Энэ нь ОХУ, БНХАУ-ыг харилцаагаа улам бэхжүүлэх хэрэгтэйг сануулж байна.