Мөрөн, Цэцэрлэг сум гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаан болж, орон нутагт авч хэрэгжүүлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Тус аймгийн Мөрөн, Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6.00 цагаас 4 дүгээр сарын 11-ний 6.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, бусад сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Мөрөн, Цэцэрлэг сумаас бусад сум руу зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл зэргийг нэвтрүүлнэ. Мөн газар тариалангийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас Хүнс хөдөө аж ахуйн газраас тариаланчдад зөвшөөрөл олгож нэвтрүүлэхээр болжээ. Тус аймгийн Цэцэрлэг, Мөрөн сумаас коронавируст халдварын 29 тохиолдол батлагдаад байгаа аж.