27 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа.
Тодруулбал, Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд дөрвөн хүний шинжилгээний хариу батлагдаад байна. Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн хоёр иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ рүү явуулав.
Аймгийн Онцгой комисс урд шөнө дахин хуралдаж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх, тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болгоод байна. Мөн Хужирт суманд ХӨСҮТ, аймгийн БОЭТ-өөс мэргэжлийн баг ажиллуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.