Ойр болон дам харьцсан 500 гаруй хүнээс шинжилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-23 17:37:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-21-ний хүртэл долоо хоногийн хугацаанд Хужирт сум дахь “Сэмжид Хужирт” рашаан сувиллаар үйлчлүүлээд буцсан Дархан-Уул аймгийн гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэн.

Тухайн үед Улаанбаатар хотоос 32, бусад аймгаас 49, Өвөрхангай аймгаас 24, нийт 105 иргэн тус сувиллаар үйлчлүүлж байжээ. 3 дугаар сарын 1-нээс хойш 242 иргэн тус сувилалд хэвтсэн бөгөөд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 128 иргэн Улаанбаатар хот болон 12 аймаг руу буцсан байна.

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан хариу арга хэмжээний хоёр баг Хужирт суманд ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Хужирт сумын 9, Хархорин сумын 4, Арвайхээр сумын 2, Завхан аймгийн 1, нийт 15 иргэний түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гараад байна.

Мөн өнөөдөр сэжигтэй тохиолдлын 274, хоёрдогч буюу дам хавьтлын 290 иргэнийг илрүүлж, PCR шинжилгээ аван ЗӨСҮТ рүү хүргүүлсэн ба тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. 

相关新闻