650 өрхөд тусламжийн хүнсний багц олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн нэмэлт
санхүүжилтийн хүрээнд Дундговь аймгийн 650 малчин өрхөд хүнсний тусламжийн багц
илгээж, тусламжийг өнөөдрөөс сумдад
хуваарилан хүргүүлж байна.
Аймгийн удирдлагуудын зүгээс Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй энэхүү төслийн багт хүсэлт гаргасны
дүнд ийнхүү тусламж үзүүлэхээр болжээ.
Тусламжийн нэг багцад 10 кг гурил, 8 кг будаа, 5 л
ургамлын тос, 3 кг элсэн чихэр, цайны идээ багтсан байна. Энэхүү тусламжийг хүн ам, өрхийн тоонд харьцуулан 15
суманд хуваарилж байгаа ба сумдууд гуравдугаар сарын 14-нд болсон байгалийн
гамшигт хамгийн ихээр өртөж, илүү их хохирол амссан малчдадаа олгох юм.