Монголын мэдээллийн аюулгүй байдал цоожгүй хаалгатай адил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 17:41:03

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал хаалга тогшоод ороход цоожгүй байгаатай агаар нэг байна хэмээн “MNSEC-2015” мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөгийн хүрээнд мэргэжилтнүүд онцолж  байна.

“Цахим аюулгүй байдлын  хяналт, удирдлагын төв” ТББ, Тридум ХХК-тай хамтран дээрх өдөрлөгийн зохион байгуулж байна. Мэдээллийн технологийн хурдтай зэрэгцүүлэн цахим орчны  аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг салбарынхны тавьсан илтгэл, хэлэлцүүлгээс харж болохоор байна. Тухайлбал “Цахим банкны сул тал, халдлага, зөрчил” сэдвээр БНСУ-ын Аюулгүй байдлын судлаач Жун Хён Чул илтгэл тавьсан юм. Тэрээр ярихдаа, “Монголын Мобайл банк хэрэглэгчийн  мэдээллийг нууцлах анхан шатны  хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй гэдэг нь бидний хийсэн туршилтаар нотлогдсон. Тухайлбал Монголын нэр бүхий таван банкны хамгаалалт муугаас хэрэглэгчийнхээ мэдээллийг алдах аюултай байна. Тиймээс хортой программаас хамгаалахын тулд  нууцлалаа сайжруулах шаардлагатай.  Сонгосын Төрийн банкны хувьд карт хэрэглэгчийн код нь байнга өөрчлөгдөж байх жишээтэй” хэмээн тодотгосон.

Түүнчлэн твитер фэйсбүүкээр хүн болгонд зургаа харуулах ёсгүй. Танихгүй хүнийг найзын хүсэлтийг авахгүй байхаас эхлээд хувь хүн цахим ертөнцөд хамгаалалттай байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан. Твитер фэйсбүүкээ гар утасны дугаартайгаа холбосноор өөр газраас хүн ороход код нэхэж буй нь мессежээр ирдэг гээд наад захын мэдлэгийг  хэрэглэгчдэд суулгах ёстой аж.  Мөн байгууллагын цахим ертөнцийг хамгаалахын тулд техник, технологийг сайжруулахтай зэрэгцэн ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлснээр хамгаалалтаа бэхжүүлнэ хэмээн өдөрлөгт оролцогсод онцлов.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释