Багийн эмч нарыг эмнэлгийн хэрэгслийн багцаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-19 17:52:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн 85 багийн эмч нарыг  эрүүл мэндийн үзлэг хийхэд зориулсан эмнэлгийн хэрэгслийн багцаар хангалаа.

Багцыг хүлээлгэн өгөх ёслолыг цахимаар зохион байгуулав. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нарын албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор олгосон багц тус бүр нь 1,2 сая, нийтдээ 100 сая төгрөгийн үнэтэй аж.  

Багц тус бүрт зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, төрлийн хурдавчилсан оношлуур, халуун хэмжигч, эх, хүүхдийн биеийн жин хэмжих төхөөрөмж, ургийн  зүрхний цохилт мэдрэгч зэрэг 9 нэр төрлийн тоног төхөөрөмж багтсан байна.  

相关新闻