Шаардлага хангахгүй орчинд арьс салст гэмтээх мэс ажилбар хийхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Мэргэжлийн хяналтын газраас үсчин, гоо сайхны газруудад албан шаардлага
хүргүүллээ.
Тус газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын
улсын байцаагч Х.Еркеш энэ сарын 10-11-ний өдрүүдэд аймгийн төвд үйлчилгээ
эрхэлж буй үсчин, гоо сайхан, бариа заслын газруудад шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Эрүүл ахуйн тухай хууль болон
холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг зөрчсөн асуудлууд олноор илэрсэн
байна.
Тухайлбал, гоо сайхны газрууд эрүүл ахуйн
шаардлага хангахгүй орчинд арьс салст гэмтээх мэс ажилбар /шивээс/
хийж байгаа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5
дахь заалтыг зөрчиж байгаа хэмээн үзжээ.
Мөн үйл ажиллагаа явуулдаг орон байр нь
зориулалтын бус, багтаамж бага, дотоод хяналт шалгалт хийх журам
гаргаж мөрддөггүй, үс засах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж стандартад заасан
тоо хэмжээнд хүрэхгүй, үс будах, хими хийх явцад ялгардаг химийн бодис, чийг,
дулааныг зайлуулах механик төхөөрөмж суурилуулаагүй, үсний багаж хэрэгслүүдийг
журмын дагуу угааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн
байна.
Тийм учраас үйл ажиллагаа явуулдаг орон
байранд засвар хийж, өрөөний тоог нэмэхийг, түүнчлэн стандартад заасан эрүүл
ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэх, шаардлага хангахгүй орчинд
арьс салст гэмтээх мэс ажилбар хийхийг энэ сарын 15-ны өдрөөс
таслан зогсоохыг даалгажээ.
Учир нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй
орчинд арьс салст гэмтээх мэс ажилбар хийх нь ХДХВ/ДОХ, гепатит В,
С зэрэг цусаар дамжих халдвар тараах эрсдэлтэй ажээ.