Хот, хөдөөгийн зургаан сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Экологи төв, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын зургаан сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад Өмнөговь аймгийн 5 дугаар
сургууль, Гурвантэс сум, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумын
сургууль, нийслэлийн 12 болон Налайх дүүргийн 119-р сургуулийн 90 багш нар
хамрагдав.
Цар тахлын үед сурагчид хичээлээс хоцрогдох, тухайн цаг үед нь хичээлээ үзэж чадахгүй, ойлгохгүй байх, удаан хугацаанд зайны сургалтаар нэг хэвийн байдлаар хичээллэх нь тэдний суралцах идэвхийг бууруулахад нөлөөлж буй. Үүнтэй холбогдуулан багш нарт Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй, Сэтгэн бодохуйн сургалт ба сурахуй, Интеграци хичээл төлөвлөх, боловсруулан заах арга зүй, Онлайн хэрэглэгдэхүүн ашиглах арга зүй зэрэг сургалт орж, багш нарыг багт хуваан ажиллуулжээ.
Сургалтын үр дүнд багш нар сургалтаа чанаржуулах,
хичээлийн хоцрогдол арилгах, багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, багш,
сурагчдын ачааллыг бууруулах чиглэлээр шинэ санал санаачилга гаргаж эхэлсэн байна. Мөн интеграци хичээл бэлтгэн заах, гэрийн даалгаврын шинэ
хувилбарууд боловсруулан турших, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлжээ.
Сургалтад хамрагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн багш Х.Ууганцэцэг, “Манай сумын олон айл отроор явж сурагчид хичээлээ үзэж чадахгүй байна. Тиймээс багш нар хичээлээ интеграци байдлаар ойлгомжтой боловсруулан, түүндээ тохирсон интеграци даалгавар боловсруулан хэвлэмэл байдлаар сурагчдад хүргүүлсэн. Мөн интеграци хичээлээ видео хэлбэрт оруулан багш, эцэг эхчүүдэд үзүүлж санал авч ярилцаж үзсэн” гэв.
Монгол Экологи төв цаашид тус хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгийн ЕБС-ын багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ