Дундговь аймгийнханд тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Байгалийн гамшигт аюулд хохирол амссан хөрш Дундговь аймгийнханд Өмнөговийнхон тусламжийн гараа сунгажээ.
Энэ сарын 15-ны өдөр Монгол орныг дайран өнгөрсөн хүчтэй шороон шуурганы улмаас Дундговь аймагт 9 хүн амиа алдаж, олон айлын гэр нурж, мал элсэнд дарагдсан билээ. Энэхүү гамшигт өртсөн хөрш аймгийн иргэддээ тусламж үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гурван сая төгрөг өгчээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 5 сая, Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан хоёр сая төгрөгийн тусламж илгээжээ. Улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан тус аймгийн удирдлагууд Өмнөговийнхонд талархал илэрхийлжээ.