Шадар сайд Дундговь аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос Дундговь аймгийн Онцгой комисстой цахим
хурал хийж, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан шуурганд
эндсэн иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймгийн есөн
иргэн амиа алдаж, эд, материал, мал хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байгаа
юм.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шуурганд төөрч, эсэн
мэнд олдсон иргэдийн эрүүл мэнд, үзүүлж байгаа анхны тусламж үйлчилгээ, ямар
хариу арга хэмжээ авч байгаа талаар тодруулжээ.
Мөн тэрээр цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч
болзошгүй байгаа тул цаг тухайд нь удирдлага зохион байгуулалтаар хангаж,
шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Аймгийн Онцгой комиссын зүгээс үүссэн нөхцөл байдал, авч
хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар УОК-т танилцуулсан байна.
Аймгийн Онцгой комиссоос байгалийн гамшигт өртөж амиа алдсан иргэдийн гэр бүлд тусалж дэмжих, сум бүр иргэн, аж ахуйн
нэгж байгууллагад учирсан хохирлыг тодорхойлох, төөрсөн иргэдэд эрүүл мэндийн
үйлчилгээ үзүүлэх, малын зүй бус хорогдлын хохирлын хэмжээг бодитоор гаргах, уруудсан
малыг эрэн хайх, сэг зэм устгах зэрэг хариу арга хэмжээг яаралтай авч байгаа
ажээ.