Сумдад хохирлын үнэлгээг нэн яаралтай гаргах ажлын баг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-нд Дундговь аймагт болсон байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас аймгийн
Онцгой комисст 353 дуудлага ирж, 466 иргэн сураггүй алга болсноос 457 нь эсэн
мэнд байна.
Аймгийн нийт нутгаар 24-28 м/с хүртэл, зарим үед 34 м/с,
өрөвхийлөлт нь 40 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурч, 15.00 цагийн байдлаар есөн
хүний амь эндэж, 21 айлын гэр, 20 хашаа нурж, таван байшингийн дээвэр
хуурч, олон мал уруудсан гэх мэдээлэлтэй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой
комисс хуралдаж, сумдад нэн яаралтай хохирлын үнэлгээг гаргах ажлын баг томилон малаа уруудуулсан, гэр,
хашаа саравч нурсан малчдад яаралтай дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
УЦУОШТ-өөс өгсөн мэдээгээр ийм хүчтэй салхи, шороон
шуурга хавсарсан аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд болж байгаагүй ба өнгөрсөн зун
тохиосон нөөлөг салхийг бодвол маш хүчтэй, үргэлжлэх хугацаа нь урт байжээ.
Энэ сарын 17,18-ны үеэр аюулт үзэгдэл давтагдаж болзошгүй
гэдгийг мэргэжлийн байгууллагаас дахин дахин анхааруулж байна.


