Лаборатори 151 дүгээр сургууль эрүүл, хүмүүнлэг монгол хүүхэд бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-03-15 15:31:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллав.

 

Тус сургууль 2020 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд эрүүл чийрэг, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилт тавьжээ. Зорилтоо биелүүлэхийн тулд "Аварга" дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

 

Өмнө нь хүүхдэд бие бялдрын хөгжлийн таван чанар буюу хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан чанар олгохыг зорьдог байсан. Харин орчин цагт бие бялдрын хөгжлийн 12 чадвар олгох стандарт олон улсад нэвтэрчээ. Энэхүү чиглэлээр Унгар улсад суралцаад ирсэн Н.Энхтүвшин багш тус сургуульд ажиллаж байна. Эдгээр чадварыг шингээсэн дасгал хөдөлгөөнийг хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулжээ.

 

Тус сургуулийн нэвтрүүлсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж мөн анхаарал татаж байлаа. Сурагчид аяга хэрэглэлгүй, ам хүргэлгүй цэвэр ус уух боломжтой суурин төхөөрөмж тус сургуульд зургаан ширхэг байна. Цар тахлын үед ариун цэвэр сахих, халдвар тархахгүй байх боломжийг үүгээр бүрдүүлжээ. Энэ шийдлийг бусад сургуульд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийнэ гэж БШУЯ мэдээлэв.

 


相关新闻