Төрийн тусгайгийнхны эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-13 13:43:30

Улсын төсвийн хөрөнгө оруулалалтаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар баригдаж эхэлсэн, дуусаагүй барилгын А блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори, Б блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчилж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулахаар болов.

Улсын төв нэгдүгээр эмнэлгийн 2016 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шинээр зохион байгуулагдах салбар амбулаторийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн сайд Б.Болорт, 2016 он дуусах хүртэл хугацаанд тус эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор УНТЭ-ийн салбар амбулаторийн барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгав. Мөн УНТЭ-ийн салбарын үйл ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 20-нд багтаан эхлүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын сангаас “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ”-нд зориулан зарцуулахаар УНТЭ-ийн төсөвт тусгасан 2.8 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан, шинэчилсэн хуваарь гарган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.

Дуусаагүй барилгын ажлыг дуусгах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтой.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн А блок буюу оношилгооны хэсэг, Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн барилгын ажлыг цогцоор нь барихад Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 14 тэрбум 250 сая төгрөг гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Тус төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2017 онд ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгалаа.

1974 онд баригдсан Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад 2012 оноос Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жилд баруун 5 аймгийн 130 мянга гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 1800 гаруй эх төрж, 12000-13000 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Өсөн нэмэгдсэн хэрэгцээ, ачааллыг хуучин барилга даахгүй, хангахгүй байгаагаас гадна барилгын дотоод сантехник, цахилгааны шугам сүлжээ хуучирснаас тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж чадахгүйд хүрч тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.

Бельги Улсын төслийн дагуу 2017 оны эхний улиралд тус төвд тоног төхөөрөмжүүд суурилуулах ажил хийгдэх тул шинэ барилгын тодорхой давхрууд ашиглалтад орсон байх, мөн зарим том оврын тоног төхөөрөмжүүдийг барилгын явцад суурилуулах шаардлагатай байгаа тул Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 

 

相关新闻