Дамжин өнгөрөх автотээврийн шинэ гарц нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-13 13:40:59

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэнэ.

Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Барааны гарал үүслийн дүрмийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа

“Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн импортын бараанд хөнгөлөлттэй, нэн тааламжтай, ердийн тариф хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг баталсан. Тогтоолын дагаж мөрдөх хугацааг энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байхаар тогтоосон боловч импортын барааны гаалийн тарифуудыг мөрдөхөд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.

Тухайлбал, нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад ороогүй улсуудын гарал үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэх бөгөөд энэ нь нэн тааламжтай тарифаас 2 дахин их байх тул зарим иргэд үүнийг татвар өссөн мэтээр буруу ойлгож байна. Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэх “Гарал үүслийн гэрчилгээ” аваагүй, авч амжаагүйгээс гаалийн татвар нь 2 дахин их болж тооцогдох юм. Мөн гадаад улс орны эрх бүхий байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ олгодог хугацаа харилцан адилгүй байгаа зэрэг хүндрэл үүсч байгаа тул гадаад худалдаа эрхлэгчид гаалийн тарифын талаар тодорхой ойлголттой болох, барааны гарал үүслийн гэрчилгээ авах хугацаа олгох үүднээс тогтоолын хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 10 дугаар сарын 1 болголоо.

相关新闻