УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-15 13:36:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гуравдугаар сарын 13-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тэрээр орон нутгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцан малчдад малын тэжээл, хүнсний багц олгохоор холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Тодруулбал, тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт, хаваржилт хүндэрч 100 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор малчдад 300 тонн малын тэжээл, 200 хүнсний бүтээгдэхүүний багц, 100 багц эм бэлдмэл, витамины нэмэгдэл хүргүүлэхээр аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм. 

Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт 4000 ширхэг амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, Эрүүл мэндийн сайдын багцаас Говь-Алтай аймагт хүчилтөрөгчийн үйлдвэр, PCR шинжилгээний лаборатори байгуулах тухай батламжийг гардууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар өмнө нь тус аймгийн малчдад гурван удаагийн өвс тэжээл, тусламжийг Засгийн газрын нөөцөөс, Улсын нөөц, Дэлхийн банк болон бусад эх үүсвэрээс хүргүүлсэн юм.  

Тэрээр: “Тусламжийн багцуудыг аймгийн Онцгой комисс өвөлжилт, хаваржилт хүндэрсэн отрын бүс, зорилтот бүлэгт нь жинхэнэ тусламж хэрэгтэй байгаа малчин түмэнд олгох ёстой. Үүн дээр Алтайнхан хяналт тавиарай” гэдгийг онцлов.


相关新闻