Сэлэнгэ аймагт зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг дахин сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-15 09:15:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, аймаг, орон нутгийн Онцгой комиссоос зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих шаардлагатай иргэд хууль бус тээвэрлэлтийг сонгож, эрсдэл бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа ажээ.  

Иймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч байна. Тухайлбал аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий аймгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтын хугацааг 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 31-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа. Мөн сумдын Онцгой комисст дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

-Сумдын Онцгой комисс халдварын голомт бүртгэгдсэн бүс нутгаас ирэх Сэлэнгэ аймгийн байнгын оршин суугч иргэдийг коронавируст халдварын PCR 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариуг үндэслэн, түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авч нэвтрүүлэх. Түүнчлэн гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарлан ажиглах дэглэмийг мөрдүүлэх,

-Орон нутагт ирэх иргэдийг нэгдсэн бүртгэл, зохион байгуулалттайгаар нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулан татан авах. Эрүүл бүс нутгаас болон аймаг дотроо зорчиж буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн, бүртгэл судалгаа хийж нэвтрүүлэх. Энэхүү үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг сумдын Онцгой комисст даалгалаа.

相关新闻