Азийн дугуйн холбооны ээлжит их хурал энэ сарын 22-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо энэ оны 3 дугаар сарын 22-нд Азийн дугуйн холбоо /ACC/-ны ээлжит их хурал хуралдаж шинэ ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль болох юм.
Цар тахалтай холбогдон АСС-ийн Ээлжит их хурал ба сонгуульд оролцож чадахгүй холбоодууд цахимаар оролцож саналаа өгөхөөр болов. Засмал замын дугуйн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ үеэр болох байсан ч цар тахлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшилсон хэвээр байна.
Мөн 2021 оны Уулын дугуйн Ази тивийн АШТ Мьянмар улсад, Track-ын Ази тивийн АШТ Казахстан улсад зохион байгуулах ч хугацаа нь тодорхойгүй байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар тэмцээн уралдаан зохион байгуулах асуудал хөндөгдөнө. 2021-2025 оны АДХ-ны ерөнхийлөгчид 2 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсний нэг нь одоогийн Ерөнхийлөгч Осама Аль Шафар /АНЭУ/, нөгөө нь АДХ-ны нярав ноён Дато Амаржит Сингх /Малайз улс/ нар байгаа аж.
Ноён Амаржит Сингх АСС-ийн ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай байгаа бөгөөд өнөөгийн ерөнхийлөгч Осама Аль Шафар өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй юм байна. Ноён Амаржит Сингх нь Малайзын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Олон улсын дугуйн холбоо /UCI/-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн бөгөөд UCI -гийн Track дугуйн комиссын гишүүн юм. Малайзын дугуйн холбоо нь Монголын дугуйн холбоог байнга дэмждэг бөгөөд Азийн дугуйн спортыг ирээдүйд эрчимтэй хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан байна.