МҮОХ-ны шинэ дүрмийн Ажлын баг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны шинэ дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн ажил ид явагдаж байна. Өнөөдөр энэ асуудлын хүрээнд байгуулсан Ажлын багийн ээлжит хурал МҮОХ-ны байранд болжээ.
Тус Ажлын баг 2020 оны 9 дүгээр сараас эхлэн 14 удаа хуралдан, санал бодлоо солилцон, дүрмийн төслийн эхний хувилбараа гаргах талаар идэвхтэй ажиллаж байгаа аж. Ажлын багийг анх удаа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр, олон талын төлөөлөл оролцуулж өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын баг дээр зарчмын зөрүүтэй саналуудаа эхнээс нь хэлэлцэн тогтож байна.
“Ажлын хэсэг дүрмийн төслөө МҮОХ-ны Удирдах зөвлөлөөр оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ оны намар шинэ дүрмээр Олимпын чуулганаа хийхээр зорьж байна. Мөн Ажлын хэсгээс гаргасан төсөл дээр олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна” гэж тус Ажлын багийн гишүүн Д.Жаргалсайхан мэдээллээ.
Мөн Ажлын багийнхан хийж байгаа өөр нэг ажил бол Олимпын Харти-г орчуулж, редакторлах ажил 70 хувьтай
байгаа аж. Орос болон англи хэлний
орчуулга, найруулга, хуулийн үг хэллэг зэрэг олон талаас нь хянаж, няхуур
ажиллаж байна. Монголын олимпын гэр бүлийн гишүүд, спортын холбоод, тамирчин,
дасгалжуулагч нартаа спортын Үндсэн хууль, гарын авлага болсон Олимпын Харти-г тун
удахгүй өргөн барих юм байна.