Саран дээр станц байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА/БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын "Роскосмос" корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозин, БНХАУ-ын Үндэсний сансрын газрын (CNSA) дарга Жан Кэзянь нар хоёр улсын Засгийн газрын өмнөөс саран дээр олон улсын шинжлэх ухааны станц байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
“"Роскосмос" корпорац болон CNSA шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцүүлэн сансар огторгуйг энх тайвны зорилгод ашиглахыг дэмжих зорилгоор сонирхогч бүх улс орон, олон улсын түншүүдэд нээлттэй сарны станцыг байгуулахад хамтран ажиллана” гэж Оросын төрийн өмчит корпорацын мэдэгдэлд дурджээ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг видео хурал хэлбэрээр зохион байгуулсан байна. “БНХАУ, ОХУ саран дээр олон улсын судалгааны станц барих замын зураглал гаргахын тулд хамтын туршлага, шинжлэх ухааны технологийг ашиглаж байна" гэж CNSA “WeChat” хуудсандаа байрлуулсан мэдэгдэлдээ дурдсан байна.
Мэдэгдэлд дурдсанаар, хоёр улс сарны гадаргууг судлахад төдийгүй манай гаргийн дагуулын тойрог замд хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
"Роскосмос", CNSA 2018-2022 онд сансар судлалын салбарт хамтран ажиллах хөтөлбөрт 2017 оны 11 дүгээр сард гарын үсэг зуржээ.