ОХУ-ын зургаан багш орон нутагт зайнаас хичээл зааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-03-09 16:02:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой өнөөдөр уулзав.

Манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 9 баримт бичиг хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Уулзалтын үеэр эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч, эрчимжүүлэхээр болов.
ОХУ-ын зургаан багш орон нутагт орос хэлний хичээлийг зайнаас зааж байна. Хоёр тун вакцин тариулж, тусгаарлалтад долоо хоног байх зөвшөөрөл олговол багш нар орон нутагт нь очиж танхимаар хичээл заах хүсэлтэй байгааг Элчин сайд уламжиллаа.
Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор хойд хөршид жилд 33 хүнийг бэлтгэхээр тохиролцсон ч цар тахлын улмаас түр зогсонги байдалд орсон ч энэ талын хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх юм.

Хоёр улсын хамтарсан дунд сургууль байгуулах асуудал судалгааны шатандаа үргэлжилж байна. Ажлын багийн гишүүд ойрын үед сургууль барих газартай танилцах шаардлагатай байгааг ноён Элчин сайд дуулгаад дээд сургууль байгуулах чиглэлд ч хамтрах боломж байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд гарааны бизнесийг хөгжүүлэх, амжилтад хөтлөх арга туршлагаасаа хуваалцахыг ОХУ-ын талаас хүсэв.
ОХУ-ын тухайд цар тахлын эхний үед бага ангийн хичээлийг танхимаар явуулж, дунд болон ахлах ангийнхан зайнаас суралцаж байсан бол одоо танхимын хичээлээ жигдрүүлсэн. Тиймээс цахим хичээлийн хүртээмж, агуулгыг сайжруулах чиглэлд туршлагаасаа нэвтрүүлэх, хоцрогдол нөхөх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг салбарын сайд хүссэн юм.
Мөн талууд уулзалтын үеэр вакцинтай холбоотой мэдээлэл солилцов. “Спутник V” вакциныг дэлхийн 45 улс хүлээж аваад байна. Үүний нэг нь манай улс юм. Манай улсын тухайд ирэх долоо хоногт багш нарыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Цаашид вакцин дахин нийлүүлэх боломж байгаа гэсэн учир Засгийн газрын түвшинд ярилцахаар тохирлоо.

相关新闻