Төрийн дээд одон, медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 60 гаруй хүнд өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй болон төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс ийнхүү төрд хөдөлмөрөө үнэлүүлсэн байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сайхан-Овоо сумын өндөр настан Г.Ичинноров, Сайнцагаан сумын өндөр настан С.Улцан, мөн сумын өндөр настан Д.Цэгмид, Эрдмийн далай цогцолбор сургуулийн ахмад багш С.Эрхэмбаатар, БСУГ-ын ахмад настан Н.Сүхбаатар, МСҮТ-ийн багш Н.Бямбасүрэн, Мандалговь Хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Амаарагчаа нар шагнуулжээ.
Алтан гадас одонгоор улс, нийгэмдээ он удаан жил ажиллаж, гавьяаны амралтаа эдэлж суугаа өндөр настан Д.Аюурзана, Ю.Батцоож, С.Бямбаа, Д. Дашдорж, Ц.Лхамсүрэн, С. Чулуунбат, М.Энхтайван, Г.Нарантуяа, Д.Хүүхнээ, Ш.Цэрэннадмид, Ж.Баатар, ахмад багш Д.Хүүхэнхүү нараас гадна эдүгээ ХАА, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, цахилгаан эрчим хүч, хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй сайн ажиллаж, амжилт гаргасан 20 гаруй иргэн шагнуулсан юм.
Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар найман сумын 24 иргэн шагнуулж, ажил үйл, амжилт бүтээлээ төрдөө ийнхүү үнэлүүллээ.
Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц. Мөнхбат төрийн дээд одонгоор шагнуулж, амжилт бүтээл, хөдөлмөрөө төрд үнэлүүлсэн нийт манлайлагчдадаа баяр хүргэж, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.
Төрд хөдөлмөрөө үнэлүүлсэн ахмад багш Д. Хүүхэнхүү: "Эрдмийн далай цогцолбор сургуульд 36 жил тасралтгүй багшилсан. Өнөөдөр төрийн дээд одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Үе үеийн шавь нар, үе үеийн багш нартаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


