Хөвсгөл нуурт хар, цагаан хил гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн зарим газарт хар, цагаан хил гарсан байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд Хадан хүй орчимд хар, цагаан хил гарсан байна.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхаарууллаа.