“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ҮЭ-ийнхэн хамтын гэрээгээ мөрдөхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ҮЭ-ийн хорооныхон өнөөдөр хамтын гэрээгээ мөрдөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн хэвлэлийн бага хурлыг “Монгол ньюс” мэдээллийн төвд хийв.
Тус газрын захирал Ц.Отгонтунгалаг нь НЗД-ын А/150 дугаар захирамжийг зөрчсөн хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр тэд хэллээ. Тодруулбал, тус газарт 635 мөнгө хураагч ажиллахаас 370-ыг нь ажиллуулж байгаа бөгөөд 265-ыг нь хууль бусаар ажлаас халсан аж. Энэ асуудлыг гурван шатны шүүхээс тогтоосоор байтал шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа гэж тэд ярив.
Мөн нийслэлийн тээврийн газрын тооцоолол, НИТХ-ын тогтоолоор мөнгө хураагчийн цалинг 700 мянган төгрөгөөр баталсан боловч тус байгууллагын дарга 620 мянган төгрөг болгон бууруулсан байна. Үлдэгдэл 80 мянган төгрөгийг юунд яаж зарцуулж байгаа нь тодорхойгүй байгаагийн дээр албан тушаалаа ашиглан ҮЭ-ийн гишүүнчлэлийн татварыг зогсоосноор орон тооны ҮЭ-ийн ажилтнууд цалингүй болсон талаар энэ үеэр мэдээллээ.
З.Эрэвгийлхам