Маргааш Чингисийн талбайд "Улаанбаатар- Венийн вальс" цэнгүүн болно
МОНГОЛЫН МЭДЭЭАвстри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг "Улаанбаатар- Венийн вальс" нэртэйгээр 3 дахь жилдээ энэ сарын 10-ны өдөр буюу маргааш 17 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Маттиас Флецбергер, хийлч Лида Баеч, бүжигчин Мартин Грүнд болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Мөн энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.
Австрийн Венийн вальс бүжгийг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.