Ханх суманд 170 удаа 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 10:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт энэ сарын 12-нд Улаанбаатарын 12.00 цагийн байдлаар 26 994 удаа газар хөдлөлт бүртгэгджээ.


Үүнээс 170 нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилсээр байгаа юм.



Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн. Газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлжээ.

Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг. Энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.


Түүнчлэн, өчигдөр Улаанбаатарын 06.32 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумаас баруунш 27 км зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Мөн энэ сарын 6-нд Улаанбаатарын 15.43 цагт Завхан аймгийн Баянтэс сумаас баруун хойд зүгт 114 км зайд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. 


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

相关新闻