Аварга малчдын шагналыг гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-13 12:13:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр Аймгийн аварага малчдаа шалгаруулж, энэ сарын 10-нд “Аймгийн аварга малчин” цол тэмдэг, дагалдах шагналыг гардууллаа. 

Жил бүр мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэн, малынхаа чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, мал аж ахуйд шинэ санаа инновацыг нэвтрүүлж, ажил хөдөлмөрөөрөө хошуулчилсан малчдаа “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулдаг.

Энэ жил 15 сумын 33 малчин өрх шалгарч, гэр бүлийнхээ хамт ирж шагналаа гардан авсан юм.

Өнгөрсөн жилүүдэд аймгийн ЗДТГ сар шинийн босгон дээр аварга малчдынхаа шагналыг гэр гэрт нь очиж гардуулдаг байсан бол энэ жил нэгдсэн журмаар ийнхүү гардуулсан нь зардал хэмнэсэн үйл ажиллагаа боллоо.

Аварга малчдын хамгийн ахмад нь Хулд сумын Олдох багийн малчин Цэндийн Саадорж 69 настай. Тэрээр ган гачиг, зуд зурхантай байгалийн бэрхшээлтэй жилүүдэд ч отор нүүдэл хийн мал сүргээ онд мэнд оруулж, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн зах зээлийн энэ цаг үед мал сүргээ төрөл тус бүрээр нь өсгөж, нутаг орондоо үлгэр жишээчээр амьдрал ахуйгаа авч яваа,залуучуудад мал маллах арга ухааны зааж сургаж байгаа ахмад малчин юм.

Харин аварга малчдын хамгийн залуу нь Адаацаг сумын Сүм багийн малчин Шагдарсүрэнгийн Цэрэнбат, Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Зоригтын Батзаяа нар 34 настай.

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “Бэлчээрийн даацад тохируулж, шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлж, малыг эдийн засгийн эргэлтэд цаг алдалгүй оруулж, гадаадын улс орнуудад экспортлох зэргээр өөрсдийн амьдрал ахуй, орон нутгийн эдийн засаг болоод байгаль дэлхийдээ үнэтэй хувь нэмэр оруулан ажиллахыг өнөө цаг хугацаа шаардаж байна” хэмээн онцлоод, өнгөрсөн оны мал аж ахуйн салбарын ололт, амжилт, малчдын нөхцөл байдал, аймгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дурдлаа.   

相关新闻