Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн саналаар ээлжит бус чуулган хуралдуулах боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-10 19:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөгийн тусламж олгох зохицуулалт тусгасан “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох зорилго бүхий “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад энэ сарын 1-нд хүргүүлсэн юм.


Харин өнөөдөр Засгийн газраас Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газраас заавал санал авч байж төсөвт тодотгол хийдэг болсон. Төсвийн шинжилгээний албанаас оффшор болон бусад авлигын мөнгө төсөвт орж ирээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, бид өгөхгүй гэж байгаа юм биш, ийм мөнгө байхгүй. Тиймээс ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй” хэмээв.


Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг энэ жишгээс татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байр бий болгоход тэр мөнгийг зарцуулах ёстой. Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь. Энэ нь өнөөдөр давс мэт шорвог байгаа ч бид ингэхээс өөр аргагүй" гэсэн юм.
相关新闻