Тайванийн музейн сайн дурын ажилтны туршлагыг хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний хааны ордон музей болон Монголын Үндэсний музей хамтран энэ сарын 8-нд видео хуралдаан зохион байгуулж, музейн сайн дурын ажилтны үйл ажиллагаа, менежментийн сэдвээр туршлага хуваалцав.
Энэ нь хоёр орны музей, түүх соёлын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд тохиосон шинэ үйл явдал гэдгийг албаныхан онцлов.
Тайванийн
Үндэсний хааны ордон музейн дэд захирал Ю Пэй Жин хэлэхдээ ,“Тайванийн Үндэсний
хааны ордон музей соёлын дурсгалт зүйлсийн арвин баялаг цуглуулга, сан
хөмрөгтэйн зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлыг өрнүүлэх нөөц сантай. Энэ нь
соёл урлагийг шимтэн судалдаг тайваньчууд тус музейд сайн дурын ажилтнаар элсэн
ажиллах асар их хүсэл, сонирхолтой байдгийн гол шалтгаан юм. Музейн сайн дурын
ажилтнууд музейн өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог бөгөөд
сайн дурын ажилтнаар ажиллаж буйгаараа дамжуулан музейн үзмэр, соёлын дурсгалт
зүйлсийг олон нийтэд таниулах, судлан шинжлэх ажилд хувь нэмэр оруулж байгаа
хэрэг юм” хэмээв.
Монголын
Үндэсний музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр хэлэхдээ,
“Манай музей үндэсний хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй музейн ажилтан, албан
хаагчдыг мэргэжил, аргазүй хангаж ажилладаг. Энэ онд Чингис хааны музей,
Байгалийн түүхийн музей зэрэг томоохон музей ашиглалтад орж, нээлтээ хийнэ. Энэ
удаа Тайванийн Үндэсний хааны ордон музейтэй хамтарсан видео хуралдаан, хэлэлцүүлгийг
зохион байгуулж, үнэт туршлагаасаа хуваалцаж буйд талархал илэрхийлье” хэмээв.
Тайванийн Үндэсний хааны ордон музейн хойд салбараас Монголын Үндэсний музейд өөрийн музейд хадгалагдаж буй Чингис хааны хөргийн хуулбар, Юань гүрний их хаадын хөргийн хуулбар болон “Хубилай хаан авд мордсон нь” уран зургийн хуулбарыг тус тус хүлээлгэн өгч байсан юм. Мөн тус музей “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” каталогийг эмхэтгэн гаргасан байна. Түүнчлэн тус музейн өмнөд салбараас Монголын соёлын онцлогийг сурталчлах, таниулах зорилгоор "Азийн урлагийн наадам”-ин хүрээнд “Монголын сар" үйл ажиллагааг өнгөрсөн онд зохион байгуулжээ.