Онцгой комиссын Ажлын баг Замын-Үүдэд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-09 11:03:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяраар ахлуулсан Онцгой комиссын гишүүд Замын-Үүд суманд ажиллав. 

Ажлын баг тус сумын "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, хяналтын пост, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа талаар газар дээр нь танилцсан байна.

Мөн Замын-Үүд сумын Онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнтэй уулзаж, цар тахлын халдварын эрсдэл өндөр байгаа Замын-Үүдээс орох, гарах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, бүртгэлжүүлэлтийг улам эрчимжүүлж ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өгчээ.

Энэ үеэр тус суманд коронавирусний халдвар илрүүлэх 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур, нэг удаагийн өмсгөл, амны хаалт зэргийг гардуулан өглөө.

Хэдийгээр Замын-Үүд суманд корона вирусний халдвар дахин илрээгүй ч эрсдэл өндөр байгаа аж.

Учир нь Замын-Үүдээс Улаанбаатар болон орон нутаг руу ачаа тээвэрлэж байгаа жолооч нарын машиныг нэгдсэн зогсоол дээр нэгдсэн зохион байгуулалтаар зогсоож ачаа барааг шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлэхгүй бол жолооч нар вирусний халдвар тээх эрсдэл өндөр байгаа юм. Тус сумын нийт иргэдийн 68 хувь нь шинжилгээнд хамрагджээ.

相关新闻