Эрдэмтэн зохиолч Т.Султан бүтээлийн 20 ботио олны хүртээл болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
зохиолч, Эдийн засгийн ухааны доктор, профессор Т.Султан өөрийн бүтээлийн XХ дугаар ботио саяхан хэвлүүлэн гаргалаа.
Уг ботид "Монголын нууц товчоо", Ч.Лодойдамбын
"Хугараагүй ноён нуруу" өгүүллэгийн казах хэл дээрх орчуулга,
зохиолчийн сүүлийн үед бичсэн шинэ тууж, өгүүллүүд багтсан байна.
Т.Султан нь
1960-аад оноос уран бүтээлийн замналаа эхэлсэн. Тэрээр 50 гаруй жилийн
хугацаанд туурвисан өгүүллэг, тууж, роман, жүжиг, дуурь, кино зохиолуудаа
эмхэтгэн бүтээлийн 20 ботио гаргах ажлыг 2011 оноос эхэлж ийнхүү олны хүртээл
болгож байна.
Ташрамд дурдахад,
өнөөдрийг хүртэл түүний "Хүслэн уул", "Ихсийн хүслэн",
"Жанибекийн төгсгөл" романууд нь уншигчдын талархлыг хүлээж,
"Архалых", "Бэр", "Өнчрөгсөд" жүжгүүд нь Баян-Өлгий
аймгийн театрын тайзнаа амилжээ. Мөн "Туулсан зам",
"Тэнгэрлэг нутаг", "Гэрээс" зэрэг баримтат, уран сайхны
кино нь дэлгэцнээ гарсан юм.