Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-05 13:01:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, дам худалдаа наймааг хянах, зохиомол хомсдол үүсгэхгүй байх ажлын багийг байгуулан ажиллаж байна.
“Ковид-19” цар тахал улс оронд тархаж байгаа хүнд үед төрөөс тог цахилгаан, дулаан, усны төлбөрийг хөнгөлсөн билээ. Иймд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх бодитой шалтгаан бий болоогүй байхад аймагт үнийн өсөлт өмнөх сараас 0.3 хувиар нэмэгджээ. Тиймээс аймгийн Засаг дарга зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд зөвлөмж хүргүүллээ.
Мөн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, дам худалдаа наймааг хянах, зохиомол хомсдол үүсгэхгүй байх ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулж, хууль журмын дагуу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тус ажлын багаас хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн байлгаж, үнийн түвшинг тогтвортой байлгах, бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байхыг худалдаа үйлчилгээ эрхлэгч нар болон үйлдвэрлэгч нарт онцгой анхааруулж байна.
Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн судалгаагаар өнгөрсөн сарын 13-ны өдөр ямааны мах 6500, хонины мах 7000, элсэн чихэр 2300 төгрөг байсан бол энэ сарын 3-ны өдөр ямааны мах 7500, хонины мах 9000, элсэн чихэр 2450 төгрөг болжээ.
相关新闻