Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас Засаг даргын эрхлэх хүрээний 22
агентлаг, 15 сумын ЗДТГ-ын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх гурван ажлын баг томилогдон үнэлгээ хийж байна.
Дээрх байгууллагуудын үйл ажиллагааг "Бодлогын
баримт бичгийн хэрэгжилт", "Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт",
"Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ", 2020 онд аймгаас дэвшүүлсэн
зорилтын хэрэгжилт, Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт,
гаргасан санаачилгыг үнэлж байгаа ажээ.
Тухайлан ямар дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлж
байгаа талаар ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга
Г.Самданцоодолоос тодруулахад, “2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийн хүрээнд долоон дэд хөтөлбөрийг баталсан бөгөөд тэдгээрээс сумдад “Эрүүл
иргэнтэй Дундговь”, “Архидалтгүй Дундговь”, “Математик” гэсэн дэд хөтөлбөрүүдийн
хэрэгжилтийг голлон үнэлж байгаа гэлээ.
Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх
ажил ирэх долоо хоногт дуусах ба дүнг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар
хэлэлцэн нээлттэй зарлана гэлээ.
Өмнөх жилийн үнэлгээгээр 22 агентлагийн үйл ажиллагаа 90,8,
15 сумын үйл ажиллагаа 84,2 хувьтай үнэлэгдэж, 13 байгууллага 90-ээс дээш оноо
авч, “санаачилгатай сайн” хэмээн үнэлүүлсэн байдаг бол 15 сумаас Сайнцагаан сум
энэхүү үнэлгээг авч, бусад сумаа хошуучилсан.
Харин 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээр
байгууллагууд болон 15 сумын үйл ажиллагаа ямар үнэлгээ авах нь удахгүй
тодорхой болох ажээ.