Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-01 18:14:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын “Ажил хэрэгч өглөөний цай” хөтөлбөр үргэлжилсээр байна. Ээлжит уулзалтад Архангай аймгийн бизнес эрхлэгч, зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн төлөөлөл оролцлоо.

Архангай аймаг бол ХАА-н зах зээлийн томоохон боломжийг бүрдүүлэгч аймгуудын нэг. Аймгийн удирдлагууд бизнес эрхлэгчдийг дэмжиж, эхний ээлжинд хуурай сүүний хэрэглээгээ аймгийн хэмжээнд багасгаж, аймгийн нийт иргэдээ чанар стандарт хангасан, үйлдвэрлэлийн технологиор савласан цэвэр монгол сүүгээр ханган нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай уулзалтын эхэнд дурдлаа.

Энэ мэт үйл ажиллагааг нь дэмжих нэн шаардлагатай үйлдвэрлэл эрхлэгч нараа цаашид бодлогын хүрээнд анхаарч, ЖДҮ-ийн зээл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл зэрэгт хамруулан ажиллах нь зүйтэй хэмээлээ. Мөн уулзалтад ирсэн төлөөллүүдээс ЖДҮ-ийн зээл нэг удаа ч авч үзээгүй, хүү багатай зээлийн тусламж, боломж жинхэнэ эздэдээ хүрдэггүй тухай санал хэлж байв. Түүнчлэн улс төрийн намын харьяалал, танил талаар дамжуулан авдаг хэмээв. Үүнийг таслан зогсоож, цаашид зөв эздэдээ хүргэх, судалгаанд үндэслэн зээлийн хүсэлтийн үнийн дүнг аль болох бууруулахгүй байх талд анхаарал хандуулан ажиллана гэдгээ Засаг дарга Д.Золжаргал хэллээ.

Мөн тэрээр, “Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЖДҮ-ийг дэмжих зээл 2021 онд батлагдаагүй. Гэхдээ цаашид зээлийн журам хэвээр үргэлжилж, ирэх онуудаас бид та бүгдийн гаргасан дээрх саналын дагуу жинхэнэ эздэд хүргэх зорилгоор мэргэжлийн холбоодоор дамжуулан зээлийн хүртээмжийг сайжруулах болно. Уулзалтаас гарсан санал хүсэлт бүрийг хэрэгжүүлэн ажиллахын тулд бид албан тоот бичгээр холбогдох газар, хэлтсүүдэд мэдэгдэж, хариу арга хэмжээ аван ажиллана” гэлээ.

相关新闻