Захад байрлалтай биллиардын газруудын үйл ажиллагааг зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Өлгий хотын "Тирлик" захад үйл ажиллагаа явуулдаг биллиардын газруудад хяналт шалгалт хийж,
үйл ажиллагааг нь зогсоолоо.
"Аймгийн Засаг даргын 2021 оны 24 дүгээр
захирамж гарч, биллиардын тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулахыг
хориглосон. Мөн тухайн газруудад мөрийтэй тоглоом тоглодог, архи, согтууруулах
ундаа хэрэглэдэг, бие засах газар байхгүй, эрүүл ахуй, халдвар хамгааллын
дэглэм сахихгүй байна зэрэг өргөдөл гомдлууд ард иргэдийн зүгээс олноор ирсэн. Тийм учраас газар дээр нь ирж, үйл ажиллагааг нь зогсоож байна" хэмээн
аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч А.Болат хэллээ.
Биллиардын газар ажиллуулдаг хүмүүс
мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг биелүүлсэн, мөн
орчин нөхцөлөө сайжруулсан тохиолдолд үйл ажиллагааг нээх боломжтойг
мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ.