17 их, дээд сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны нэгдүгээр сард БШУЯ-ны ажлын багийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин нэг сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил /хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Сургалтын хөтөлбөр, багшид тавих нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцлыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.