Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зах худалдааны төвүүдэд шалгалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зах худалдааны төв, аж ахуй нэгж байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, QR код ашиглалтын байдалд тогтмол хяналт шалгалт хийж байгаа билээ.
Энэ удаад Чингэлтэй дүүрэгт байдаг 13, Сонгинохайрхан дүүрэгт байдаг 8, нийт 21 зах худалдааны төвд QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ.
Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүдээр нийт 7064 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 4181 иргэн нь QR код уншуулсан бол 2883 иргэн бүртгүүлж үйлчлүүлсэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн зах худалдааны төвүүдээр 3024 иргэн үйлчлүүлснээс 1654 нь QR кодоо уншуулж, 1360 иргэн бүртгэл хийлгэжээ.
Шалгалтаар 142 зөрчил илэрснээс 75-ыг нь газар дээр нь арилгуулсан байна. Зөрчил гаргасан аж ахуй нэгжид орох, гарах гарцны тэмдэглэгээ хийх, 0.06 хувийн жавелины уусмалтай, чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийх шаардлага тавьсан байна. Мөн хүн хооронд зай барих тэмдэглэгээг наах, бүртгэл хөтлөх, үйлчлүүлж буй иргэдийн QR кодыг уншуулж, халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
ААН-үүд QR авахдаа:
- qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
- Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
- Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
- EBarimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд "COVID-19" гэсэн цэс харагдана. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
- "COVID-19" рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.