Хонины ноосоор эко тоглоом үйлдвэрлэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн харьяат, залуу бизнес эрхлэгч Н.Батмөнх Монголын анхны хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэгч болохоор зорьж байна.
Тэрбээр монгол хонины
ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байна. Ингэхдээ хүүхдийн тоглоомыг монгол ахуй, зан үйл, үлгэр
туульсын баатруудаар илэрхийлэн бүтээж буй.
Ийнхүү хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа албан ёсны болгож, танилцуулж байгаагаа энэ сарын 20-нд Nairaa Batmunh цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр Ховд аймагт 100
хувь хонины ноосон тоглоомыг захиалгын дагуу хийж байгаа юм. Жишээлбэл, Таван хошуу
малын төл хийжээ. Мөн иргэд хүүхдийнхээ бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх, ёс
заншил, түүх, соёл, онцлогийг танин мэдүүлэх зорилгоор монгол ардын үлгэрийн баатрууд
болон бүх төрлийн ноосон бүтээлийг захиалгаар хийлгэх боломжтой аж.
Иргэд хонины ноосоор
хийсэн тоглоомуудыг багцаар нь авснаар гэртэй бяцхан театртай болж, цаашлаад хүүхэддээ
үлгэрийг өөрөө ярьж өгөх, тэдний хэл ярианы хөгжлийг сайжруулах зэрэг нэлээд ач
холбогдолтой.




